МЭДЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ
Skip Navigation LinksНүүр хуудас » Мэдээ мэдээлэл » Мэдээний дэлгэрэнгүй
print
Таны автомашин өвлийн улиралд бэлэн үү?

               Хүйтний эрч наашилж  хөхүүрийн ам цаашилж байгаа энэ үед хүн бүхэн өвлийн бэлтгэлээ базаадаг.  Орон гэрээ дулаалах, өөрсөддөө дулаан хувцас, малгай бээлийгээ бэлддэг шигээ эрхэм жолооч та ч бас автомашины өвлийн бэлтгэлээ хангадаг уу? Таны төмөр хүлэг өвлийн турш хэвийн ажиллахын тулд өвлийн бэлтгэл хийх зайлшгүй хэрэгтэй.  Бид таны автомашиныг өвөлд бэлтгэх, хүйтний улиралд жолоодлогын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар  "Монгол Хьюндай Автомотив" ХХК-ийн ҮАХ-ийн менежер, Монгол  улсын зөвлөх инженер Д.Ариунболдтой уулзаж цөөн хором ярилцлаа. Тэрээр 1993-1998 онд ШУТИС-д автомашины ашиглалтын инженер мэргэжлээр суралцан төгсөж, "Бодь Автомотив" ХХК-д 1998-2010 он хүртэл ажиллаад 2010 оноос "Монгол Хьюндай Автомотив" ХХК-ийн ҮАХ-ийн менежерээр, автын салбарт  тасралтгүй 19 жил ажиллаж байгаа туршлагатай инженер юм.

                ЗХ: Сайхан намаржиж байна уу? та, их хүйтэн намар болж байна даарч байна уу?

                АБ: Сайхан намаржиж байна. Монгол орон маань жилийн дөрвөн улиралтай учраас бид халуундаа халаад хүйтэндээ даараад сурчихсан дасан зохицох чадвартай улс шүү дээ. Энэ намар ерөнхийдөө эрт хүйтэрч байна. Жоохон даарч л байна. / Инээв/

                ЗХ:  Наадмын дараа намар гэдэг. Өвлийн бэлтгэлээ базаахаас эхлээд намрын ажил арвин байдаг. Туршлагатай инженертэй уулзсаных "Зууны хөтөч" сэтгүүлийг уншиж байгаа эрхэм жолооч нартаа хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг хүргэх үүднээс таниас цөөхөн хэдэн асуултанд хариулт авъя.  Жолооч хүн өвөлд автомашинаа бэлдэх зайлшгүй шаардлагатай гэж мэддэг боловч яг хэзээнээс , бас юунаас эхэлж бэлдэх ёстойгоо мэддэг жолооч цөөн байгаа. Энэ талаар та зөвлөгөө өгөөч?

                АБ: Мэдээж автомашин болгонд техникийн стандартаар урсгал үйлчилгээ гэж хийгддэг. Энэ урсгал үйлчилгээ бол тухайн автомашины явсан километр болон тодорхой хугацаанаас хамааран зайлшгүй хийгдэх шаардлагатай. Монгол орны хувьд  бол дийлэнх автомашинууд хавар, намрын улиралд урсгал үйлчилгээ хийж байна. Гэхдээ аль ч брендийн автомашинуудын стандартын техникийн үйлчилгээний хуваарийг уг автомашины одометрийн гүйлтээр засвар үйлчилгээг хийхийг зөвлөдөг. Ер нь сэрүүний улирал эхлэхэд  автомашинд нилээдгүй анхаарч  бэлдэх хэрэгтэй. Олон жилийн дундажаас харахад бол 10 сардаа багтаад өвлийн бэлтгэл ажил буюу автомашины техникийн урсгал үйлчилгээ, шаардлагатай засвараа хүйтний улиралд нь тохируулаад зайлшгүй хийлгэх хэрэгтэй шүү. Бүх авто засварын төвүүдээр улиралд нь таарсан стандарт оношлогоо, үйлчилгээг хийх заавар байхаас гадна засвар үйлчилгээний хуваарь нь нийтлэг болон тухайн автомашин болгонд гэсэн маш олон стандарт ажилбаруудыг хүснэгтлэн гаргасан байдаг. Үүнээс хамгийн түрүүнд  автомашиныхаа хөдөлгүүрийн тосоо солих, радиоторын шингэнээ градус хэмжигчээр шалгуулаад өвлийн улиралд тохирч байгаа үгүйг мэдэж хөргөлтийн шингэнээ улиралд нь таарсан стандарт үйлчилгээг хийлгэх ёстой. Мөн хүйтний улиралд зам дээр хөлдөлт үүсээд гулгаа үүсдэг тэрнээсээ үүдээд дугуйгаа хүртэл улиралд нь тааруулж өөрчлөх хэрэгтэй  гэх мэт олон ажилуудаас эхлэнэ дээ.  Одоо бол яг л цаг нь эхэлж байна. Өнөөдөртөө нар гарч байгаа ч маргааш цас орж мэдэх цаг ирж буй учраас яаравчлан өвлийн бэлтгэлээ базаах хэрэгтэй. Гол нь одоо орсон цас өдөртөө хайлаад шөнөдөө хөлдөж мөс болно. Гэтэл та зуны дугуйтайгаа явж байвал гулгаатай зам дээр осол аваарт орж болзошгүй учраас өвлийн бэлтгэлээ яаралтай хангаарай гэж л дахин дахин зөвлөе дөө.

                ЗХ: Өвлийн улиралд манай замууд халтиргаа гулгаа ихтэй. Тийм учраас  өвлийн улиралд  дугуйг зөв сонгох маш чухал. Яг одоо өвлийн дугуйгаа сонгох гэж байгаа жолооч нартаа хандаад та ямар зөвлөгөө хүргэх вэ?

                АБ: За өвлийн дугуй гэдэг бол харагдах байдлаасаа эхлээд андашгүй дээ. 1-рт  тухайн дугуйн хажуу хананд байгаа тэмдэглэгээ бичээсийг сайн харах, хээний гүнийг  сайн харах, гол нь их зөөлөн байдаг. Зөөлөн гэдэг нь өвөл хөлдөлт багатайгаас гадна гулгаатай зам дээр барьцалдалт сайн байх шаардлагатай. Зарим өвлийн дугуйнуудад шаардлагатай үед хэрэглэгдэх шипи буюу хадаастай үйлдвэрлэгддэг. Хөдөө гадаа явдаг жип төрлийн 4x4 автомашин унаж хэрэглэдэг  хүмүүс бол дээрхи төрлийн дугуй хэрэглэхээс гадна цас шаврын дугуйг сонгох нь зөв.Үүний тэмдэглэгээ бичээс нь  Mud Train, All Train г.м. Ер нь тухайн автомашин хаана ямар замаар ихэвчлэн ашиглагдахаас хамааран дугуйн сонголтоо хийх нь зөв шүү. Суудлын автомашины хувьд  манайханы ярьж заншсанаар баллууран хээтэй дугуйг сонгох хэрэгтэй. Ер нь бол  өвлийн дугуй хамгийн гол нь зөөлөн байх ёстой. Тэмдэглэгээ нь бол М+S гэж байдаг. Англи нэршлээр Snow tire, Ice tire ч гэж бичсэн бичигтэй. Энэ 2 нэршлийг баримталахад бол буруудахгүй.

За үүнээс гадна хуучин ашиглаж байсан дугуй сонгохдоо тухайн дугуйн хэт хатсан язарсан байдал, хадгалалт болон хээний хязгаарийн стандарт тэмдэглэгээнд хүрсэн эсэх, за тэгээд нүдэнд ил харагдах механик гэмтэлийг харах нь зүйтэй шүү.

Хамгийн гол нь дугуйны үйлдвэрлэсэн хугацааг харж байж сонгох хэрэгтэй. Хугацаа нь дугуйны бөөрөн дээр тэмдэглэсэн байдаг. Хугацаанаас гадна дугуйны даац, аль улиралд тохирсон гээд олон тэмдэглэгээ бий. Ер нь жолооч нартаа хандаад хамгийн гол зөвлөх юм гэвэл албан ёсны гэрээт борлуулагчдаас нь баталгаатай ШИНЭ ДУГУЙ сонгож байгаарай гэж зөвлөх байна даа.

Дугуй бол автомашины хамгийн нэгдүгээрт анхаарах зүйлийн нэг аюулгүй байдлын баталгаа шүү.

                ЗХ: Өвлийн улиралд автомашиныг  дулаан байлгах нь хамгийн чухал. Гэтэл хүмүүс автомашинаа ажлынхаа гадаа өдөржин тавьдаг. Шөнө нь дулаан гражид хонуулах боломжгүй жолооч нар ч байдаг. Ийм тохиолдолд яах вэ?

                АБ: Манай улс шиг эрс тэс уур амьсгалтай улсад хамгийн түрүүнд шатахуунаа зөв сонгох хэрэгтэй. Улиралд нь тохирсон шатахууныг хэрэглэж байхгүй бол автомашин асахгүй байхаас эхлээд олон сөрөг  дагавартай. Удаан гадаа байлгадаг, шөнө гадаа хонуулдаг жолооч нар маань болж өгвөл 2 удаа 10-15 минут асаагаад нормальдаж байвал зүгээр. Ер нь болж өгвөл дулаан гражид байлгах хэрэгтэй. Автомашин ч гэсэн бээрдэг ингэснээр автомашины цаашдын насжилтад сөрөг нөлөөтэй.  Мөн хүйтний улиралд тухайн автомашиныг асаахдаа бүх цахилгаан хэрэгсэлийг унтрааж байж асаах хэрэгтэй. Энэ нь мэдээж автомашины аккумляторыг хамгаалах цаашдын автомашины эд ангид хүртэл эерэг нөлөөтэй.

                ЗХ: Сайн аккумлятортой автомашин өвлийн улиралд ямарч асуудалгүй асдаг. Ер нь жолооч нар аккумлятор сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?

                АБ: Автомашины гол асаах үүсгэвэр бол цахилгаан үүсгэвэр буюу аккумлятор байдаг. Аккумлятор гэдэг нь бидний байнга хэрэглэдэг гар чийдэнгийн батерей,цагны зай л гэсэн үг. Энэ нь  стандартын дагуу тодорхой хугацаатай байдаг. Яахав тухайн хэрэглэгчдийн хэрэглээнээс үүдэн 2-4 жил ашиглаж байгаа байх. Ер нь бол стандартын дагуу баталгаат хугацаа нь ихэвчлэн 1-2 жилийн хугацаатай. Аккумляторын сонголтон дээр бол нэн түрүүнд мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах юмуу гарын авлага номтойгоо танилцаж  тухайн автомашинд таарсан AH-н аккумлятор сонгох шаардлагатай. Энэ нь нэг талаасаа аюулгүйн баталгаа болж өгнө. Манайхны нэг алдаа гэвэл өндөр ампер цагтайг сонговол автомашин хурдан асна гэж ойлгодог.  Энэ нь маш буруу ойлголт. Харин ч эсрэгээрээ тухайн автомашины цахилгаан эд ангиуд эвдрэх гэмтээх шатах эрсдэл өндөр байдаг шүү.

                ЗХ: "Монгол Хьюндай Автомотив" ХХК-ын зүгээс нийт жолооч нартаа өвлийн бэлтгэлд нь зориулж ямар нэгэн үйлчилгээ зарласан уу?

                АБ: "Монгол Хьюндай Автомотив" ХХК-ны маань уриа бол "Үйлчлүүлэгч таны төлөө" гэсэн уриа байдаг. Бид энэхүү уриандаа улиралдаа нэг удаа үйлчлүүлэгчиддээ үнэгүй оношлогооны аян зарладаг. Үүгээрээ бид  Хьюндай автомашин хөлөглөгчиддөө автомашины оношлогоог үнэ төлбөргүй хийж өгдөг. Үүнд хөдөлгүүр явах эд ангийн оношлогоо болон компьютер оношлогоо  ордог. За энэ намрын хувьд бол яг энэ 10 сардаа багтаан Хьюндай автомашин эзэмшигчиддээ зориулаад өвлийн бэлтгэлжилтийг нь хангах зорилгоор  оношлогоо зөвлөгөөг  үнэ төлбөргүй хийж, мэргэжлийн инженерүүд  зөвлөгөө мэдээлэл өгөх аяныг зохион байгуулах гэж байна. Автомашин болгон өөрийн оншилгооноосоо хамаараад  өвлийн бэлтгэлжилт болон хийгдэх засварууд өөр өөр байдаг. Хьюндай эзэмшигч эрхэм  жолооч та бүхэн манай Авто Засварын Төвөөр зорьж ирээд өвлийн бэлтгэлээ хангаад  оношлогоо болон зөвлөгөөгөө үнэ төлбөргүй аваарай гэж уръя даа.

                ЗХ: Бидэнтэй ярилцаж, нийт жолооч нартаа хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл өгсөн таньд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

                АБ:  Танай сэтгүүлийн хамт олонд бас баярлалаа. Мэргэжлийн үүднээс нийт автомашин эзэмшигч нарт автомашины талаар маш олон зөвлөгөө мэдээлэл өгмөөр байна. Энэ удаад автомашины өвлийн бэлтгэлжилтийн тухай товчхон мэдээлэл хүргэлээ. Эцэст нь хэлэхэд автомашин эзэмшигч та бүхэн мэргэжлийн Авто Сервис үйлчилгээ эрхэлдэг албан ёсны газруудаар очиж автомашинаа үзүүлээд стандартын дагуу засвар үйлчилгээг  хийлгээрэй. Автомашин гэдэг өөрөө маш олон эд ангиас бүрдсэн урлага, техникийн шийдэл юм. Тэгэхээр дараа дараагийн дугаарт төрөлжүүлээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөөг хүргэж байя даа. Баярлалаа та бүхэнд. 

САЛБАРУУД
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМ
17011 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 35, Стадион Оргил
Факс: 7718-1862 Маркетинг борлуулалтын хэлтэс: 7718-1861 Санхүүгийн хэлтэс: 7718-1862 и-мэйл хаяг: info@mongolhyundai.mn
Ажлын цагийн хуваарь
Даваа - Баасан 09:00 - 18:00 Бямба 11:00 - 16:00 Ням Амарна
info@mongolhyundai.mn
ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ
Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу, Л. Лааганы гудамж, ( Баянбүрд төвийн зүүн талд), Монгол Хьюндай Автомотив ХХК-н засвар үйлчилгээний төв
Утас:7018-1861, 7018-1863
Даваа - Баасан 09:00 - 18:00 Бямба 11:00 - 16:00 Ням Амарна
ЭРДЭНЭТ ХОТ ДАХЬ САЛБАР
Уурхайчин баг, Цанын баазын зүүн хойно, Мянганы зам дагуу, Монгол Хьюндай Автомотив ХХК-н салбар, Эрдэнэт хот
Утас: 9905-6513, 9935-1869
Ажлын цагийн хуваарь
Даваа - Баасан 09:00 - 18:00 Бямба 10:00 - 18:00 Ням Амарна
chimbaa18@yahoo.de