Hyundai-ийн гурван загвар J.D. Power 2026 судалгаанд өөрсдийн ангилалдаа тэргүүллээ

A- A A+
Hyundai-ийн гурван загвар J.D. Power 2026 судалгаанд өөрсдийн ангилалдаа тэргүүллээ

Hyundai Motor America компани J.D. Power 2026 U.S. Initial Quality Study (IQS) судалгааны үр дүнгээ танилцуулж, Hyundai-ийн гурван загвар өөрсдийн ангилалд анхны чанарын үзүүлэлтээр нэгдүгээр байрт шалгарсан талаар мэдээллээ.

Судалгаанд автомашин эзэмшигчдийн эхний 90 хоногийн хэрэглээний хугацаанд бүртгэгдсэн асуудлын тоог 100 автомашинд (PP100) харьцуулан үнэлдэг бөгөөд асуудлын тоо бага байх тусам чанарын үнэлгээ өндөрт тооцогддог.

Ялангуяа Hyundai Santa Cruz дунд оврын пикап ангилалд гурав дахь жилдээ дараалан тэргүүлсэн нь Hyundai автомашинуудын тогтвортой өндөр чанарыг дахин баталсан үзүүлэлт боллоо.

Hyundai Motor North America компанийн Хэрэглэгч хариуцсан захирал Барри Рацлафф хэлэхдээ:

"J.D. Power 2026 U.S. Initial Quality Study судалгааны үр дүн нь Hyundai-ийн бүх загварт тогтвортой өндөр чанарыг хадгалж, хэрэглэгчдэд эхний өдрөөс нь найдвартай автомашин хүргэх зорилгоо амжилттай хэрэгжүүлж байгааг харуулж байна. Гурван загвар өөр өөрийн ангилалд тэргүүлсэн нь манай хамт олны хамтын ажиллагаа, хүчин чармайлтын үр дүн юм. Santa Cruz гурав дахь жилдээ дараалан түрүүлж, Sonata болон Venue ангиллаа тэргүүлсэн нь хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн хүргэх бидний амлалтыг дахин нотолж байна" хэмээн онцоллоо.

2026 Hyundai Santa Cruz – Дунд оврын пикап ангиллын тэргүүлэгч

2026 оны Hyundai Santa Cruz нь SUV загварын тав тух, пикап автомашины практик хэрэглээ болон дэвшилтэт технологийг хослуулснаараа дунд оврын пикап ангилалд онцгой байр суурь эзэлж байна.

Өдөр тутмын хэрэглээнд зориулан бүтээгдсэн энэхүү загвар нь тав тухтай жолоодлого, хэрэглэхэд хялбар мэдээлэл, олон зориулалтын ачааны хэсгээрээ давуу талтай. J.D. Power судалгаанд гурав дахь жилдээ дараалан ангиллаа тэргүүлсэн нь бодит хэрэглээний чанар, найдвартай ажиллагаа болон хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг илэрхийлж байна.

2026 Hyundai VENUE – Жижиг SUV ангиллын тэргүүлэгч

2026 оны Hyundai VENUE нь жижиг SUV ангилалд практик хэрэглээ, зай талбайн зөв зохион байгуулалт, ухаалаг технологийн шийдлүүдийг санал болгож байна.

Хотын хэрэглээнд зориулан бүтээгдсэн VENUE нь авсаархан хэмжээ, түлшний хэмнэлт, хэрэглэхэд хялбар технологи болон боломжийн үнэ цэнийг хослуулсан загвар юм. Ангилалдаа нэгдүгээр байрт шалгарсан нь Hyundai анхан шатны SUV ангилалд ч өндөр чанарыг санал болгож байгааг харууллаа.

2026 Hyundai SONATA – Дунд оврын суудлын автомашины ангиллын тэргүүлэгч

2026 оны Hyundai SONATA нь орчин үеийн дизайн, аюулгүй байдлын дэвшилтэт технологи болон үр ашигтай хөдөлгүүрийг хослуулсан загвар юм.

Жолооч төвтэй интерьер, ойлгомжтой удирдлага, сайжруулсан холболтын боломжууд нь автомашины хэрэглээг илүү тав тухтай болгож байна. Анхны чанарын үнэлгээгээр ангиллаа тэргүүлсэн нь Hyundai дунд оврын суудлын автомашины ангилалд чанар, тав тух, хэрэглээний үнэ цэнийг тогтвортой хүргэж байгааг илтгэж байна.

2026 Hyundai ELANTRA – Компакт ангилалд хоёрдугаар байр

2026 оны Hyundai ELANTRA нь J.D. Power 2026 U.S. Initial Quality Study судалгаагаар компакт ангиллын автомашинуудаас хоёрдугаар байрт шалгарлаа.

ELANTRA нь түлшний хэмнэлт, дэвшилтэт технологи болон орчин үеийн хийцийг хослуулснаараа Hyundai-ийн өндөр чанарын үзүүлэлтийг олон ангилалд хадгалж байгааг харуулж байна.

2026 Hyundai KONA – Жижиг SUV ангилалд хоёрдугаар байр

2026 оны Hyundai KONA нь J.D. Power 2026 U.S. Initial Quality Study судалгаанд жижиг SUV ангиллын хоёрдугаар байрт шалгарсан байна.

KONA нь аюулгүй байдлын дэвшилтэт систем, өргөн хүрээний холболтын боломж, жолоодоход хялбар байдал болон өдөр тутмын хэрэглээнд тохирсон шийдлүүдийг санал болгож, хэрэглэгчдийн сэтгэл ханамж болон анхны чанарын үнэлгээнд өндөр оноо авчээ.

Судалгааны онцлох үр дүн

J.D. Power-ийн 2026 оны судалгаагаар автомашины салбарын нийт анхны чанарын үзүүлэлт өмнөх оноос мэдэгдэхүйц сайжирсан байна. Үнэлгээ хийсэн 10 ангиллын 9-д нь хэрэглэгчдийн мэдээлсэн асуудлын тоо буурчээ.

Анхны чанарын үнэлгээг автомашин худалдан авснаас хойших эхний 90 хоногт 100 автомашинд ногдох асуудлын тоо (PP100)-гоор хэмждэг бөгөөд энэ үзүүлэлт бага байх тусам чанар өндөр гэж үнэлэгддэг.

Энэхүү судалгаанд 2026 оны загварын шинэ автомашин худалдан авсан болон түрээсээр ашиглаж буй 78,514 хэрэглэгчийн санал асуулгын мэдээллийг ашигласан байна.

Судалгаагаар мэдээлэл, зугаа цэнгэлийн (Infotainment) систем нь асуудал нэмэгдсэн цорын ганц ангилал байсан бөгөөд үүнд Android Auto болон Apple CarPlay-ийн холболттой холбоотой хүндрэлүүд голлон нөлөөлсөн гэж дүгнэжээ.