Hyundai Motor Company 2025 оны аравдугаар сард цоо шинэ ELEXIO загвараа танилцуулсан бөгөөд E-GMP цахилгаан автомашины тусгай платформ дээр бүтээгдсэн, дунд оврын бүрэн цахилгаан SUV загвар юм.
Зоримог дизайн, дэвшилтэт технологи болон гэр бүлийн хэрэглээнд нийцсэн практик шийдлүүдийг хослуулсан ELEXIO нь 88.1 кВт.ц багтаамжтай батарейгаар тоноглогдсон бөгөөд CLTC стандартаар нэг цэнэглэлтээр 722 км хүртэл зам туулах боломжтой.
Салоны хувьд Qualcomm 8295 чипээр ажилладаг 27 инчийн хэт нимгэн 4K өргөн дэлгэцтэй. Мөн тогтмол гүйдлийн (DC) хурдан цэнэглэгчээр батарейг 30-аас 80 хувьд хүргэхэд ойролцоогоор 27 минут зарцуулна.
Түүнчлэн 506 литрийн багтаамжтай ачаа тээшний хэсгийг арын суудлыг эвхсэнээр 1,540 литр хүртэл нэмэгдүүлэх боломжтой бөгөөд тав тух, аюулгүй байдлыг хангах олон төрлийн ухаалаг технологиор тоноглогджээ.
Hyundai ELEXIO загвар ANCAP-ийн аюулгүй байдлын үнэлгээгээр дээд хэмжээний 5 од авлаа
Hyundai Motor Company-ийн цоо шинэ дунд оврын цахилгаан SUV загвар ELEXIO нь Австрали, Шинэ Зеландын шинэ автомашины аюулгүй байдлыг үнэлэх хөтөлбөр болох ANCAP-аас хамгийн өндөр буюу 5 одтой аюулгүй байдлын үнэлгээ авлаа.
ANCAP нь Европын шинэ автомашины үнэлгээний хөтөлбөр (Euro NCAP)-тэй нийцсэн туршилтын аргачлалаар автомашины аюулгүй байдлыг бие даан үнэлдэг бөгөөд салбарын хамгийн өндөр шаардлага бүхий үнэлгээний системүүдийн нэг юм.
ANCAP-ийн 2023–2025 оны үнэлгээний шалгуурын дагуу ELEXIO нь насанд хүрэгчид болон хүүхэд зорчигчдын аюулгүй байдлыг хамгаалах, мөн замын хөдөлгөөнд оролцогч бусад эмзэг бүлгийн хүмүүсийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр өндөр үзүүлэлт үзүүлжээ.
ELEXIO загварыг аюулгүй болгож буй технологиуд
ELEXIO нь Hyundai SmartSense™ жолоодлогын туслах болон идэвхтэй аюулгүй байдлын дэвшилтэт технологиудыг стандарт тоноглолдоо багтаасан.
Үүнд:
- 9 аюулгүйн дэр: Урд суудлын зорчигчдын хооронд байрлах төвийн аюулгүйн дэр болон өргөтгөсөн хажуугийн хөшгөн аюулгүйн дэр бүхий систем.
- Урд мөргөлдөөнөөс сэргийлэх туслах систем 2.0 (FCA 2.0): Автомашин, явган зорчигч, дугуйтай хүн болон хоёр дугуйт тээврийн хэрэгслийг илрүүлж, уулзвар нэвтрэх болон ухрах үеийн эрсдэлтэй нөхцөлд тоормосны үйлдэл хийхэд тусална.
- Эгнээ барих туслах систем (LKA): Автомашины эгнээг хянаж, жолоодлогын хүрдэнд тохирох үйлдэл үзүүлэх замаар эгнээнд тогтвортой зорчиход дэмжлэг үзүүлнэ.
- Сохор бүсийн мөргөлдөөнөөс сэргийлэх туслах систем (BCA): Эгнээ солих үед арын хажуугийн бүсийг хянаж, шаардлагатай тохиолдолд анхааруулга болон тоормосны үйлдлээр мөргөлдөөнөөс сэргийлэхэд тусална.
- Гэр бүлийн аюулгүй байдалд чиглэсэн шийдэл: Тусгайлан тохируулсан явах эд анги, тоормосны систем болон Family Brake Mode нь автомашины тогтвортой байдал, зорчигчдын тав тух, жолоочийн итгэлтэй байдлыг нэмэгдүүлнэ.
- Бат бөх кузовын бүтэц: Өндөр бат бэх гангийн 77.5 хувийн агууламжтай, 720° хамгаалалтын бүтэц нь зорчигчдыг хамгаалах зориулалттай.
ANCAP-ийн аюулгүй байдлын туршилтын үр дүн
ANCAP-ийн бие даасан үнэлгээний хүрээнд ELEXIO дараах үзүүлэлтүүдийг харуулсан.
- Насанд хүрэгчдийн хамгаалалт: Урд болон хажуугийн мөргөлдөөний туршилтаар кузовын бүтцийн бат бөх байдал болон зорчигчдын хоорондын харилцан мөргөлдөх эрсдэлийг бууруулах төвийн аюулгүйн дэр үр дүнтэй ажилласан.
- Хүүхдийн хамгаалалт: 6 болон 10 настай хүүхдийн хиймэл загвар ашигласан туршилтаар сайн хамгаалалтын үзүүлэлт үзүүлсэн. Мөн арын суудлуудад ISOFIX болон Top Tether хүүхдийн суудал бэхлэх цэгүүдтэй.
- Замын хөдөлгөөнд оролцогчдын хамгаалалт: Явган зорчигч, дугуйтай хүн болон мотоциклтой зорчигчдыг илрүүлэх, ялангуяа эргэлт хийх үеийн нарийн төвөгтэй нөхцөлд хариу үйлдэл үзүүлэх чадвар сайтай байв.
- Аюулгүй байдлын туслах системүүд: Автомат яаралтай тоормосны систем, эгнээ барих туслах болон хурдны хязгаарлалт таних системүүд туршилтын чухал нөхцөлүүдэд өндөр гүйцэтгэл үзүүлжээ.
ANCAP-ийн 5 одтой үнэлгээ нь Hyundai Motor компанийн цахилгаан автомашины загварууддаа дэвшилтэт аюулгүй байдлын технологи нэвтрүүлж, зорчигчдын хамгаалалтыг өндөр түвшинд хангах зорилгын нэгэн баталгаа болж байна.




