Бүрэн цахилгаан Hyundai INSTER загвар Лондонд зохион байгуулагдсан 2026 оны TopGear.com шагнал гардуулах ёслолоор “Жилийн Шилдэг Supermini” шагналыг хүртэж, Европын автомотивын хэвлэл мэдээллийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэгийг авлаа. TopGear.com-ын шинжээчид INSTER-ийг олон талын гүйцэтгэл, ухаалаг зохион байгуулалт болон баялаг тоноглолын түвшнээр нь өндрөөр үнэлж, жижиг ангиллын цахилгаан автомашины зах зээлд тэргүүлэгч байр сууриа баталсныг онцолсон байна.
“Энэ удаагийн TopGear.com-ын шагнал INSTER-ийн амжилтын жагсаалтад нэмж бичигдэх бас нэгэн томоохон батламж юм. Нью-Йорк дахь ‘2025 оны Дэлхийн Цахилгаан Машин’, Берлинд хүртсэн ‘Алтан Руль’ шагналуудын дараа уг нэр хүндтэй үнэлгээ нэмэгдлээ” хэмээн Hyundai Motor Europe-ийн Ерөнхийлөгч & Гүйцэтгэх захирал Ксавье Мартинет хэллээ. “Эдгээр амжилтууд INSTER-ийн ухаалаг дизайныг, үр ашигтай цахилгаан ажиллагааг, өдөр тутмын хэрэглээнд нийцсэн байдлыг өндрөөр үнэлж буйг харуулж байна. Европын жолооч нарт хэрэгтэй, хүртээмжтэй, шинэ үеийн EV-ийн хөгжилтэй INSTER төгс нийцэж байгааг энэ бүхэн нотолж байна.”
Европын хэрэглэгчдэд зориулагдан бүтээгдсэн компакт EV
INSTER нь авсаархан SUV хэв маягийг хотын уян хатан ажиллагаатай хослуулж, урт зайны (лонг-рейнж) батарейтай хувилбараараа WLTP стандартын дагуу 370 км хүртэл цэнэгээр явах боломжийг олгодог. Энэ нь өдөр тутмын зорчих хөдөлгөөнөөс гадна гэнэтийн аялалд ч бүрэн тохиромжтой гэсэн үг. Мөн DC хурдан цэнэглэгчээр 10%-аас 80% хүртэлх цэнэгийг ойролцоогоор 30 минутын дотор авах боломжтой.
INSTER нь 97 морины хүчтэй, 42 кВт.ц батарей бүхий стандарт хувилбар болон 115 морины хүчтэй, 49 кВт.ц батарейтай хоёр төрлийн үр ашигтай цахилгаан хүчний системтэй. Эдгээр нь жигд, хариу үйлдэл хурдан цахилгаан гүйцэтгэлийг үзүүлэхээс гадна 10.25 инчийн хоёр дэлгэцтэй дижитал кокпит болон уян хатан, зай талбай сайтай салоноор тоноглогдсон тул хэрэглэгчдэд тэг ялгаруулалттай хөдөлгөөнийг сонгоход илүү таатай боломж олгодог.
Шагналуудын цуврал амжилт
INSTER нь 2025 онд нэгэнтээ олон нэр хүндтэй шагнал авч эхэлсэн загвар юм. Тухайлбал, “World Electric Vehicle 2025” болон “Алтан Руль 2025” шагналуудыг хүртсэн бөгөөд шүүгчид түүний дизайн, цэнэглэх чадвар, өдөр тутмын хэрэглээний практик шинжийг онцлон үнэлсэн. Эдгээр амжилтууд INSTER-ийг Европын хамгийн өрсөлдөхүйц жижиг ангиллын цахилгаан автомашинуудын нэг болгож буйг харуулж байна.
TopGear.com шагналын тухай
TopGear.com-ын шагналууд жил бүр зохион байгуулагдаж, өнгөрсөн 12 сарын хугацаанд дэлхий даяар танилцуулагдсан шинэ автомашинуудын шилдэгүүдийг тодруулдаг. Төрөл бүрийн ангиллаар инноваци, гүйцэтгэл болон жолоодлогын нийт сэтгэл ханамжийн шинэ жишгийг тогтоосон загваруудыг шалгаруулдаг юм. Үүнээс гадна цахилгаан автомашинуудыг онцлон үнэлдэг тусгай Electric Awards-ыг мөн зохион байгуулдаг. 2025 оны эхээр Hyundai IONIQ 9 загвар энэхүү Electric Awards-аас “Шилдэг 7 суудлын EV” шагналыг хүртсэн нь Hyundai брэндийн Европын EV сегмент дэх хүчирхэг байр суурийг улам баталгаажуулсан үйл явдал болсон юм.



