Hyundai Motor Company Хятадад IONIQ цахилгаан автомашины брэндээ танилцууллаа.

A- A A+
Hyundai Motor Company Хятадад IONIQ цахилгаан автомашины брэндээ танилцууллаа.

БЭЭЖИН / СӨҮЛ, 2026 оны 4-р сарын 10 — Hyundai Motor Company Хятад улсын зах зээлд зориулсан бүрэн цахилгаан автомашины IONIQ брэндээ албан ёсоор танилцуулж, шинэ хоёр концепц автомашинаа Бээжинд болсон нээлтийн үеэр олон нийтэд үзүүллээ. Энэхүү арга хэмжээ нь 4-р сарын 24-нд эхлэх Auto China 2026 авто үзэсгэлэнгийн өмнө зохион байгуулагдсан байна.

Тус нээлтийн үеэр Hyundai компани зөвхөн автомашин танилцуулаад зогсохгүй, Хятадын зах зээлд байр сууриа бэхжүүлэх шинэ стратегиа мөн зарласан байна. Энэ хүрээнд IONIQ брэндийг зөвхөн бүтээгдэхүүн бус, хэрэглэгчийн өдөр тутмын амьдралд нийцсэн “хөдөлгөөнт үйлчилгээний туршлага” болгон хөгжүүлэхээр зорьж байгаа аж.

Шинээр танилцуулсан хоёр концепц автомашин нь Хятадын зах зээлд зориулан тусгайлан бүтээгдсэн бөгөөд “VENUS” нэртэй загвар нь орчин үеийн хэв маяг бүхий седан бол “EARTH” нь гэр бүлд тохиромжтой, найдвартай SUV төрлийн автомашин юм. Эдгээр нь Хятадын цахилгаан автомашины (шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл буюу NEV) зах зээлд Hyundai бэлэн байгааг илтгэж байна.

Бээжин дэх Hyundai компанийн ерөнхийлөгч Li Fenggang “Эдгээр концепц автомашинаас эхлэн бид Хятадын хэрэглэгчдийн хэрэгцээ, хүсэлд нийцсэн бүтээгдэхүүнүүдийг цаашид танилцуулах болно. IONIQ брэндийн гол зарчим болох аюулгүй байдал, чанарыг хадгалахын зэрэгцээ ухаалаг жолоодлого болон ухаалаг дотоод орчны шийдлүүдийг хослуулсан үйлдвэрлэлийн загваруудыг тун удахгүй гаргана” гэж мэдэгдлээ.

IONIQ нь Hyundai-ийн бүрэн цахилгаан автомашины тусгай брэнд бөгөөд Hyundai IONIQ 5, Hyundai IONIQ 6, Hyundai IONIQ 9 зэрэг загваруудаараа дэлхийд танигдсан. Эдгээр автомашинууд нь дэвшилтэт технологи, загвар дизайн, чанараараа олон улсын шагнал хүртсэн бөгөөд IONIQ 5 болон IONIQ 6 загварууд “World Car Awards”-т гурван төрөлд зэрэг түрүүлж байсан амжилттай.

Мөн өндөр гүйцэтгэлтэй Hyundai IONIQ 5 N болон Hyundai IONIQ 6 N загварууд нь цахилгаан автомашины гүйцэтгэлийн салбарт тэргүүлэгч байр суурийг бататгасан бөгөөд IONIQ 6 N нь 2026 оны “Шилдэг гүйцэтгэлтэй автомашин”-аар шалгарсан байна.

Харин Хятадад IONIQ брэндийг зөвхөн автомашин биш, илүү өргөн хүрээтэй “хөдөлгөөнт экосистем” болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь тухайн улсын хэрэглэгчдэд зориулсан технологи, үйлчилгээ, хэрэглээний туршлагыг багтаасан байх юм.

Мөн цаашид Хятадын зах зээлд гаргах IONIQ автомашинуудыг “гаригийн нэрээр” нэрлэх шинэ арга барил нэвтрүүлэхээр болсон байна. Энэ нь автомашин бүр хэрэглэгчийг төвд нь байрлуулсан “ертөнцийн нэг хэсэг” гэсэн утгыг илэрхийлэх аж.

Ийнхүү Hyundai компани Хятадын эрчимтэй хөгжиж буй цахилгаан автомашины зах зээлд илүү хүчтэй байр суурь эзлэх зорилгоо тодорхой илэрхийллээ.