Hyundai Motor Group нь олон нийтийн болон гал сөнөөгчдийн аюулгүй байдлыг хамгаалах үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, өндөр эрсдэлтэй орчинд ажиллах зориулалттай дөрвөн ширхэг жолоочгүй гал унтраах роботыг Өмнөд Солонгосын Үндэсний галын газарт хандивлалаа.
Алсын удирдлагатай гал унтраах робот гардуулах ёслол хоёрдугаар сарын 24-ний өдөр Кёнги мужийн Намянжү хот дахь Үндэсний 119 аврах албанд болсон. Ёслолд Hyundai Motor Group-ийн Гүйцэтгэх захирал Чон Ыйсүн, Стратеги төлөвлөлтийн хэлтсийн Ерөнхийлөгч Ким Сон, Hyundai Rotem компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал И Ёнбэ, Үндэсний галын газрын түр орлон гүйцэтгэгч дарга Ким Сынрён, Бодлого зохицуулалтын газрын дарга И Жинхо нар оролцсон байна.
Жолоочгүй гал унтраах роботыг Үндэсний галын газартай хамтран боловсруулсан бөгөөд Hyundai Rotem компанийн цахилгаан, олон зориулалтын HR-Sherpa жолоочгүй тээврийн хэрэгслийн платформ дээр суурилжээ. HR-Sherpa нь алсын жолоодлогын системтэй бөгөөд ажиллагааны хэрэгцээнээс хамааран төрөл бүрийн тусгай тоног төхөөрөмжөөр тоноглох боломжтой.
Роботын үндсэн онцлог, үйл ажиллагаанд дараах шийдлүүд багтсан. Роботын урд хэсэгт суурилуулсан усны их буу нь чиглүүлэн болон манан хэлбэрээр ус шүрших боломжтой тул янз бүрийн төрлийн галд тохируулан ажиллана. Мөн роботын их биеийг тойруулан байрлуулсан хошуунуудаас хөргөлтийн усыг тасралтгүй шүршиж, гадуур нь усан хөшиг үүсгэнэ. Ингэснээр 800 хэм хүртэл халуун орчинд ажиллах үед дотоод температурыг 50–60 хэмийн түвшинд хадгалж, их биеийг галаас хамгаалдаг.
Роботын урд хэсэгт инфра улаан мэдрэгч бүхий камер суурилуулсан бөгөөд утаа, дөл дундуур биетийг тодорхой илрүүлэх чадвартай. Энэ нь галын голомтыг тогтоох, аврах шаардлагатай хүмүүсийг илрүүлэхэд тусалдаг. Алсын оператор нь утасгүй холболтоор бодит цагийн дүрс хүлээн авч, роботын хөдөлгөөн болон гал унтраах ажиллагааг бүрэн удирдана.
Түүнчлэн робот нь өндөр температурт тэсвэртэй тусгай дугуйтай, зургаан дугуйн бие даасан in-wheel мотор бүхий хөтлөгчийн системтэй тул галын улмаас үүссэн нуранги, саад бэрхшээлтэй бартаат орчинд саадгүй ажиллах боломжтой.
Үндэсний галын газрын хүсэлтийн дагуу хоёр жолоочгүй гал унтраах роботыг Нийслэл болон Ённам бүсийн 119 тусгай аврах ангид байршуулж, бодит галын ажиллагаанд ашиглаж эхлээд байна. Үлдсэн хоёр роботыг Кёнги мужийн Галын штаб (Хвасон) болон Чүннам мужийн Галын штабт хүлээлгэн өгнө.
Үндэсний галын газрын мэдээлснээр сүүлийн арван жилийн хугацаанд 1,802 гал сөнөөгч үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алдах эсвэл гэмтэж бэртсэн байна. Энэ эрсдэлийг бууруулах зорилгоор Hyundai Motor Group жолоочгүй гал унтраах роботыг хөгжүүлсэн бөгөөд гал сөнөөгчдийн санал хүсэлтийг тусган бүтээжээ.
Роботыг их хэмжээний галын эхний шатны унтраалт хийх, барилгын нуралт үүсэх эрсдэлтэй бүсэд нэвтрэх, аврах баг орохоос өмнө аюултай орчны аюулгүй байдлыг үнэлэх зэрэг гал сөнөөгчдөд хүрэхэд хүндрэлтэй, өндөр эрсдэлтэй нөхцөлд ашиглана. Цахилгаан хөдөлгүүртэй энэхүү платформ нь хорт хий ихтэй, давчуу орчинд үр дүнтэй ажиллах боломжтой бөгөөд дотоод шаталтын хөдөлгүүртэй уламжлалт гал унтраах тээврийн хэрэгслийн хэрэглээг хязгаарладаг нөхцөлд давуу талтай.
Мөн роботыг үр ашигтай ашиглахын тулд Hyundai Motor Group нь ашиглалтын заавар, сургалтыг бүрэн хангаж өгсөн бөгөөд цаашид Үндэсний галын газартай нягт хамтран ажиллаж, галын нөхцөлд аюулгүй, найдвартай ажиллагааг хангах юм.
Энэхүү хандив нь 2023 онд баталсан “Чөлөөт хөдөлгөөнт байдал, аюулгүй нийгэм, тогтвортой дэлхийн төлөө зөв алхам хийнэ” гэсэн нийгмийн хариуцлагын зорилгын хүрээнд хэрэгжиж буй хамтын ажиллагааны нэг хэсэг юм.
Hyundai Motor Group нь үүнээс гадна гал сөнөөгчдийг дэмжих зорилгоор Hyundai Universe Mobile Office суурьтай, тусгайлан өөрчилсөн 10 ширхэг амралт, сэргээн засах зориулалттай автобус хандивласан. Мөн энэ зургадугаар сард ашиглалтад орох, гал сөнөөгчдөд зориулсан улсын анхны эмнэлэгт түргэн тусламжийн автомашин болон эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлан дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна.



