Hyundai Motor Company “Boulder Concept” SUV-аа Нью-Йоркт гэнэтийн байдлаар танилцууллааНЬЮ-ЙОРК, 2026 оны 4-р сарын 1 — Hyundai Motor Company компани “Boulder Concept” нэртэй шинэ SUV загвараа New York International Auto Show 2026 үзэсгэлэнгийн үеэр гэнэтийн байдлаар дэлхий нийтэд анх удаа танилцууллаа.
Энэхүү концепт автомашин нь Hyundai-ийн анхны бүрэн рамтай (body-on-frame) хийцтэй шинэ платформыг харуулж байгаа бөгөөд энэ суурь дээр 2030 он гэхэд үйлдвэрлэлд гарах дунд оврын пикап автомашин бүтээгдэнэ гэж батлагдсан байна. Рамтай хийц нь бартаат замд явах чадвар, чирэх болон ачаа тээвэрлэх хүчин чадлаараа онцлог тул АНУ-ын хэрэглэгчдийн дунд түгээмэл хэрэглэгддэг.
“Boulder Concept” нь зөвхөн нэг загварын судалгаа биш бөгөөд Hyundai-ийн ирээдүйн рамтай автомашинуудын чиг хандлагыг илэрхийлж байгаа юм. Тус концептыг АНУ-ын Калифорни муж дахь Hyundai Design North America баг бүтээсэн бөгөөд бартаат зам сонирхогчдод чиглэсэн, шинэ хэрэглэгчдийг татах зорилготой аж.
Компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал José Muñoz “Бид Америкийн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн санал болгохоор зорьж байна. Рамтай автомашинууд нь ажил, аяллын салшгүй хэсэг болсон тул бид дунд оврын пикап сегментэд хүчтэй өрсөлдөнө. 2030 он гэхэд Хойд Америкт 36 шинэ загвар гаргана” гэж мэдэгдлээ.
Мөн Hyundai болон Genesis-ийн глобал дизайн төвийн тэргүүн SangYup Lee “Энэ бол бартаат замын амьдралын хэв маягт зориулагдсан, хэрэглэгчдийн хүсэлтэд нийцсэн концепт юм” гэж онцолсон байна.
Гадна дизайн
“Boulder Concept”-ийн загвар нь Hyundai-ийн “Art of Steel” философид тулгуурласан бөгөөд ган материалын бат бөх, уян чанарыг гоо зүйтэй хослуулжээ. Өндөр цонхтой, босоо хэлбэрийн их бие нь жолоочид илүү сайн харагдах орчныг бүрдүүлдэг. Мөн дээврийн нэмэлт цонх, хоёр талаасаа онгойдог хаалга, ачаа тээвэрлэх зориулалттай дээврийн тавцан зэрэг шийдлүүдтэй.
Түүнчлэн 37 инчийн том дугуй, ардаа байрласан запас дугуй, хоёр талаасаа онгойдог арын хаалга, доош буудаг арын шил зэрэг нь бартаат зам болон аялалд тохиромжтой байдлыг нэмэгдүүлжээ. Зарим эд анги нь гэрэл ойлгогч материалтай тул харанхуйд автомашиныг амархан олж харах боломжтой.
Энэхүү загвар нь өндөр газраас саадгүй явах, ус туулж гарах чадвар, замын нөхцөлд тохируулан жолоочид зөвлөгөө өгдөг дижитал систем зэрэг бартаат замын онцлог шийдлүүдийг агуулсан байна.
Дотор салон
Салоны хувьд бат бөх материал ашигласан бөгөөд бартаат замд ч хэрэглэхэд тохиромжтой механик товч, удирдлагуудтай. Мөн эвхэгддэг ширээ зэрэг олон зориулалттай шийдлүүдийг багтаасан байна.
Hyundai Motor North America-ийн гүйцэтгэх захирал Randy Parker “Дунд оврын пикап сегмент нь манай компанийн хувьд том боломж. Бид хэрэглэгчдийн ажил, амьдрал, аялалд нийцсэн шинэ сонголт санал болгоно” гэж хэлжээ.
“Boulder Concept” нь одоогоор үйлдвэрлэлд орохгүй туршилтын загвар боловч Hyundai-ийн ирээдүйн пикап болон рамтай SUV автомашинууд ямар чиглэлд хөгжихийг тодорхой харуулж байна.




